ГАДААД ХЭРГИЙН САЙД ИГНАЦИО КАССИСЫГ МОНГОЛ-ШВЕЙЦАРИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН АХЛАГЧ Ц.ГАРАМЖАВ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

29749437_428742074230713_8569398253702037546_o

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Швейцарийн парламентын бүлгийн ахлагч Ц.Гарамжав нар Швейцарийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2018.04.05) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Гадаад хэргийн сайд И.Кассис “Манай хоёр орны дипломат харилцаа, хамтын ажиллагаа хагас зуунаас давсан түүхтэй болжээ” гээд, сүүлийн жилүүдэд Швейцарийн хөгжлийн агентлагийн шугамаар Монгол Улсад хэрэгжиж байгаа хөтөлбөрүүд сайн засаглал, мэргэжлийн сургалт, хөгжлийн туслалцаа, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй гэсэн гурван чиглэлд хэрэгжиж байгааг дурдав.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав УИХ-ын дарга болон УИХ дахь Монгол, Швейцарийн бүлгийн гишүүдийг энэ онд Швейцарь Улсад айлчилж, Швейцарийн парламентын үйл ажиллагаатай танилцахыг урьсан тус улсын парламентын Үндэсний Зөвлөлийн даргад талархал илэрхийлэхийг хүсч, Монгол Улс Швейцарийн Холбооны Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг боломжит бүхий л салбарт бэхжүүлэх, өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байна гэлээ. Түүнчлэн Монгол Улсад ногоон хөгжлийг бий болгоход дэмжиж, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль, Бэлчээрийн тухай хуулийг боловсруулахад олон жилийн судалгаагаараа туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлэв.

29873076_428742197564034_3830809458997408661_o

Уулзалтад УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Т.Аюурсайхан нар оролцсон бөгөөд цаашид татварын ил тод байдал, татварын эрх зүйн орчныг сайжруулах, авлигатай тэмцэх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, санал бодлоо солилцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.